“Цааны баяр-2024” соёлын наадам амжилттай болж өндөрлөлөө
2024-04-02
Цаатан буюу Духа угсаатны өв соёл, аж амьдралын онцлогийг сурталчлах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилго бүхий “Цааны баяр-2024” соёлын наадам 2024 оны 03 сарын 05,06-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн наадмын онцлог нь Цааны баярын орчинг бүрдүүлж, цасан хотхон байгуулах зорилгоор Цагааннуур сумын иргэд, байгууллагуудын дунд цасан урлалын бүтээл, ЕБС-ийн ахлах ангийнхны дунд өвлийн өвгөн урлах уралдааныг зарласан билээ. Тус уралдаанд Цагааннуур сумын малчин О.Даваажавын бүтээл шилдгээр шалгарч, Ерөнхий боловсролын сургууль, Хилийн цэргийн анги, Эрүүл мэндийн төвийн хамт олны бүтээлүүд удаах байруудад шалгарлаа. ЕБС-ийн ахлах ангийн сурагчид “Өвлийн өвгөн” урлах уралдаанд бүтээлчээр амжилттай оролцож Цагааннуур сумын ЕБС-ийн 12а ангийн хамт олны бүтээл 1-р байр эзэлж, 10а, 11а ангиуд удааллаа.
Наадмын үеэр Тува дуу, Дархад дуу, бөөгийн бүжгийн уралдаан, тува бөөгийн галын тахилгын ёслолыг зохион байгуулж, нутгийн иргэдийн гар урлалын бүтээл болон уламжлалт цагаан идээний үзэсгэлэн дэлгэгдлээ.
Цаатан иргэдийн дунд цааны 3 төрлийн уралдаан, “Цаатай сайхан хос” шалгаруулах тэмцээн, цаатан угсаатны уламжлалт тоглоом наадгай зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдсан юм. Мөн наадмын үзэгч, жуулчид, иргэдийн дунд буухиа тэмцээн зохион байгуулсан бөгөөд 8 хүний бүрэлдэхүүнтэй 12 баг, нийт 96 хүн оролцсон нь хамгийн олон оролцогчтой, үзэгчдийн сонирхолд нийцсэн үйл ажиллагаа болж чадсан юм.
Наадмын ерөнхий зохион байгуулагчаар Хөвсгөл аймгийн Соёл урлагийн газар ажиллаж, Хөвсгөл аймгийн ЗДТГ, Цагааннуур сумын Иргэдийн хурал, ЗДТГ хамтран ажиллалаа. “Цааны баяр-2024” соёлын наадмыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажилласан Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Биеийн тамир спортын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хөгжимт драмын театрын хамт олон болон Хөвсгөл аймгийн Аялал жуулчлалын мэргэжлийн холбоонд талархал илэрхийлье.
May be an image of 4 people, duffle coat, overcoat, goosedown coat and text
May be an image of 2 people
May be an image of 7 people, people dog sledding and arctic
May be an image of monument and text
May be an image of arctic
# Сэдвүүд
Онцлох мэдээ