“Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл” өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан зохион байгуулсан “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэн 05-р сарын 04-12-ны өдрүүдэд их жанжин Д.Сүхбаатарын талбайд болж өнгөрлөө.
Хөвсгөл аймаг Халх угсаатны 8 ханатай, сийлбэртэй гэрээр тус үзэсгэлэнд оролцлоо. “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл”-ийг өвлөн уламжлагч Хөвсгөл аймгийн Жаргалант сумын урлаач Ш.Пүрэвдоржийн бүтээсэн энэхүү гэр нь 7м диаметртэй, унь, хана нь хар модон цуулбар, ухмал гар сийлбэр бүхий гэр юм. Гэрийн тооныг байгалиараа хатсан хуш модоор хийсэн ба тоононы дотор талд 12 жил, цамхрааны хойд хэсэгт 4 хүчтэн сийлж, Рэнчинбадраа хээгээр тойруулан, гол хэсгийг очир угалзаар чимсэн байна. Баганыг мөн байгалиараа хатсан хуш модоор хийж, 2 баганы дотор талд 8 тахилыг дөрөв дөрвөөр нь сийлэн, угалз хээгээр чимжээ. 10 толгойтой 8 ханыг цуулбарлан аргалын галд хатаан матаж, тэмээний ширээр үдсэн байна. Монгол цагаан эсгий бүрээстэй, 8 хана, 88 уньтай “Хөх сувд өргөө” маань 21 аймаг, бүс нутаг, угсаатны онцлог, өвөрмөц байдлыг шингээсэн 25 монгол гэрийн нэг болон баригдаж 3 төрлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүллээ.