Хөвсгөл Аймгийн Нийтийн Номын сан Товч түүх
Аймгийн нийтийн номын сан нь анх 1944 онд цуглуулгын 1000 шахам номтой, нэг орон тоотойгоор аймгийн клубийн дэргэд байгуулагджээ. Номын сан 1947-1956 он хүртэл өөрийн байр сууцгүй байснаас аймгийн төвийн артелийн дэлгүүрийн байшин, улаан булан зэрэгт дамжин байрлаж байжээ. 1956 оны 11 сарын 11-нд Төв хорооны тогтоолоор хүүхдийн тасгийн фондын номыг нэгтгэснээр 12250 номтой болон өргөжсөнөөр эрхлэгч, туслах эрхлэгч ба номын санч, түгээгч, галч цэвэрлэгч гэсэн 4-5 орон тоотойгоор ажиллах болсон. 1956 онд улс, аймгийн төсвөөс 10000 төгрөгийн өртөг бүхий 2 тасалгаатай байрыг шинээр барьж, тохижуулсан бөгөөд улмаар уншлага, үйлчилгээ, номын фонд өсөн нэмэгдсээр 1981 оны байдлаар 67500 гаруй боть номтой, 7 орон тоотой улсын III зэргийн номын сангийн үүргийг гүйцэтгэх болсон.
1983 онд одоогийн номын сангийн барилгын зураг төсөл хийгдсэнээр 1986 онд номын сангийн зориулалтын барилга ашиглалтанд оржээ.
Эдүгээ аймгийн номын сан нь 70 орчим мянган номын фондтой, 16 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус номын сан нь Нийт 150 суудалтай 3 уншлагын танхимаар үйлчилгээгээ явуулдаг.
Үйлчилгээний танхим тус бүр нь уншигчдын өргөн хэрэглээний ном хэвлэлийн ойрын фондтой, чөлөөт сонголтоор үйлчилдэг. Үндсэн фондоос захиалгаар ном хэвлэл олгож, Номын сан хоорондын ном солилцоог ЕБС-иуд болон бусад номын сангуудтай тогтмол хийж байна.
Манай номын сан нь ном хэвлэлийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, түүнийг сурталчлан уншигчдад хүргэх, номын сангийн үйлчилгээнд шинэлэг арга барил нэвтрүүлэн, уншигчдад үйлчлэх таатай орчин бүрдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн жилдээ 7 мянга гаруй шинэ уншигч, 50000 ирэгсдэд 60-аад мянган ном хэвлэл олгож, цахим үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
Манай номын санд Монголын утга зохиолын ноён оргил болсон “Нууц товчоо”, “Гэсэрийн тууж”, “Жангарын тууль” болон XIII зууны үеийн Монголын эртний гүн ухаантнуудын зохиол бүтээлээс эхлэн шинэ цагийн Монгол улсын болон дэлхийн сонгодог утга зохиол, монголын эрт эдүгээгийн түүх, соёл, зах зээлийн үеийн нийгэм эдийн засаг, улс төрийн шилдэг бүтээлүүс бүрдсэн 22 төрөл ангийн ном хэвлэлээр үйлчилж байна.
Манай номын сан уншлага үйлчилгээний чанарыг сайжруулах ажлын хүрээнд Хөвсгөл аймгийн 23 сумын номын сангийн сан хөмрөгийг нэгдсэн Цахим каталогт оруулсан нь орчин үеийн уншигчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн томоохон алхам боллоо. Ингэснээр уншигчид интернэтийн сүлжээ ашиглан өөрийн хүссэн цагтаа, орон зайн хязгааргүйгээр Хөвсгөл аймгийн нийтийн номын сангийн нэгдсэн сан хөмрөгтэй танилцаж урьдчилан захиалга өгөх боломжийг бүрдүүллээ.